Ж.Алдаржавхлан: Байраа сонгоод ирвэл бид 3 хоногийн дотор зээлийг нь шийдэж байгаа

   Нийтэлсэн: ShuuD.mn (2010-03-31)

           Засгийн газар “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох бодлого барьж байгаа. Ингээд санхүү эдийн засгийн өмнө өвдөг сөхөрч, хямраад байсан барилгын компаниудыг банкны өрөөс нь салгаж, оронд нь метр квадратынхаа үнийг 650,000 төгрөг болго гэсэн тохиролцоонд хүрсэн. Гэтэл барилгын компаниуд Төрийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Метр квадратынхаа үнийг доод тал нь 850,000 төгрөг гэж тас гүрийх болсон. Уг нь төр төмөр нүүрээ үзүүлсэн бол барилгын компаниуд уян хатан бодлого явуулж болох байлаа. Гэхдээ төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар байгаад эцэст барилгын компаниуд ялалт байгуулаад байна. Бид энэ удаа “Интернет зочин” буландаа ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхланг урьж оролцуулан “4000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тодрууллаа.

   -4000 айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?
  
    Ж.Алдаржавхлан: Одоогийн байдлаар 120 албан хаагчийн зээлийн шийдвэр нь гарсан. Нийтдээ 5,1 тэрбум төгрөгний зээл олгох шийдвэр гараад сангийн яамд нэрсийг нь хүргүүлчихсэн байна. Сангийн яам, Монголбанк хоёр бонд арилжаалах гэрээ хийгээд тэр мөнгийг шууд санхүүжүүлнэ. Тэгээд дараачийн 100 орчим хүний асуудал шийдэгдэнэ. Төрийн албан хаагчдынхаа байрны асуудлыг зуу зуугаар нь шийдээд Сангийн яаманд хүргээд байх санаатай байна. Өөрөөр хэлбэл Сангийн яам манай багцалсан зээлийн дүн болгонд бонд гаргаад явчихна гэсэн үг. Одоогийн байдлаар зээлүүд хурдтай явж эхэлж байна. Санхүүжилтийн хувьд Монгол банктай тохирчихсон. Өнөөдөр бараг арилжаа хийгдэх байх. Арилжаа хийгдэж эхлэнгүүт бид ажлаа эхэлнэ.

    -Тэгэхээр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажил их удаашралтай явагдаж байна гэсэн иргэдийн гомдол үнэн байж таарах нь ээ?
   
     Ж.Алдаржавхлан: Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11 нд Засгийн газрын журам гараад бид метр квадрат нь 650,000 төгрөгнөөс доош үнэтэй байр иргэдэд олж өгөхөөр нэлээд ажилласан. 230 орчим орон сууц л ирсэн. Түүнийгээ төрийн албан хаагчдад санал болгосон. Гэтэл төрийн албан хаагчид төдийлөн сонирхоогүй. Бид зөрүү мөнгөө өгнө , ажлынхаа ойролцоо юмуу, арай өөр байр авна гэсэн хүсэлт тавьж эхэлсэн. Байр сонгох гэсэн чинь арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа гэдэг шалгуур тавиад байна, заавал ийм байр олох шаардлагатай болоод байна гэсэн гомдол иргэдийн зүгээс ирэх болсон л доо. Ингээд нэг хэсэг Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байлаа.

   -Одоо бол иргэдэд 40 хүртэлх сая төгрөгний зээл олгохоор болчихсон шүү дээ. Иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж ийм шийдвэрт хүрсэн гэж таны ярианаас ойлголоо?
   
    Ж.Алдаржавхлан: Хөтөлбөрийг хурдтай явуулах үүднээс Засгийн газрын журамд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн юм. Төрийн албан хаагчиддаа 40 хүртэлх сая төгрөгийг нь өгнө, тэрүүгээр өөрсдөө байраа сонгог, зөрүү мөнгө өгвөл өгөг, өгч чадахгүй бол 40 сая төгрөгтөө багтаагаад өөрсдөө байраа олж аваг гэж үзээд ийм л боломж олгож байна. Дээр нь зөвхөн арилжааны банкны барьцаанд байгаа биш гадуур дотуур өөрсдийнхөө мөнгөөр барилгаа бариад дуусгачихсан компаниудаас байр авч болох боломжийг бий болгоно гэсэн зарчмын өөрчлөлт оруулахаар болоод 3 сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаар орсон. Бэлтгэл ажлаа хангаж явсаар байгаад 2-р сарын 1-ээс анхны зээлийн шийдвэрээ гаргасан юм.
 
    -Засгийн газар барилгын компаниудыг метр квадратынхаа үнийг 650,000 болго гээд хүч хүрсэнгүй. Манай барилгын компаниуд одоо ч үнээ тэнгэрт хадааж эхэлнэ л дээ?
    
    Ж.Алдаржавхлан: Сүүлийн үед янз бүрийн шүүмжлэл гарч байна. 650,000-ийг авч хаялаа, тэр чинь хэрэгтэй байсан гэх хүмүүс ч олон байна. Үнэндээ миний хувьд ажлыг шуурхай явуулахыг л хүссэн. Метр квадратынхаа үнийг 650,000 төгрөгөөр зарах хүсэлтэй тийм компаниудыг бид дэмжинэ. Харин олдохгүй бол Засгийн ажлыг түгжиж, гацаах шаардлага байхгүй гэж бодож байна. Ер нь тэгээд Засгийн газар барилгын компаниудын үнийг тогтоож чадахгүй учраас төр муу ажиллаж байна, төр ажлаа хийхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тиймээс бид зарчмын өөрчлөлт хийхэд хүрсэн

     -Одоо цагт ар өврийн хаалга гэж их том хаалга бий болчихсон. Хэн тэр хаалгаар шагайж чадна, үйлс нь бүтнэ гэж ярьдаг болчихож. Төрийн албан хаагчдын о
всгоотой, ар тал сайтай нь орон байртай болж байна гэсэн хардалт бас байна?

    
     Ж.Алдаржавхлан: Арын хаалгаар явах тухай асуудал байхгүй. Засгийн газрын зүгээс төсвийн 52 захирагчид бүгдэд нь ажиллагсдынх нь тоогоор коффицентлээд өгсөн. Байгууллага дотроо хурал хийгээд хэнийг байртай болгох вэ гэдэг асуудлаа дотооддоо шийдэж байгаа. Ийм байхад арын хаалгаар асуудлыг шийдвэрлэж байна гэсэн яриа гарах ёсгүй. Засгийн газрын журам дээр тухайн байгууллага нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцүүлж хүнээ сонгоно гэж заасан байгаа. Тэрнээс биш байгууллагын дарга сонгохгүй шүү дээ. Арын хаалга байна гэж хардаж байгаа бол биднийг биш тухайн байгууллагаа л хардах хэрэгтэй. Бидэнд бол арын хаалга хэрэглэх боломж ч алга байна.

     -“4000 айлын хөтөлбөр”-т хичнээн компани бүтээгдэхүүнээ нийлүүлээд байна вэ?
    
      Ж.Алдаржавхлан: Маш олон компани бий. Цаашдаа ч нэмэгдэх байх гэж бодож байна. Саяхан багш нарын үйлдвэрчний эвлэлээс манайд нэг албан бичиг ирсэн. Түүн дээр барилгын компаниудын орон сууцны метр квадратын үнэ 650,000 төгрөг байх ёстой гэсэн санал тусгагдсан байна билээ. Тийм хатуу байдлаар компаниудад хандаж болно. Гэхдээ аль болох хурдан ажлаа явуулах үүднээс аль аль нь буулт хийх шаардлагатай болоод байгааг л дахин хэлмээр байна.

       -Төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг ингээд зохицуулж байгаа юм байж. Бага дунд орлоготой иргэдийг орон байртай болгох тухай асуудал яаж шийдэгдэх юм бол?
     
        Ж.Алдаржавхлан: Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажил эхлэх гэж байна. Бага орлоготой иргэдийг орон сууцжуулахдаа Засгийн газраас үнэгүй газрыг нь шийдээд, дэд бүтцийг нь авч өгнө гэж байгаа. Ингээд дараа нь барилгын компаниудаа та нарт бид газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өглөө одоо метр квадратыг нь 500 мянган төгрөгт багтаагаад хийх хэрэгтэй гэдэг шаардлага тавина. Ийм байдлаар асуудлыг шийдэх бодолтой байгаа. Одоо 1500 орчим айлын орон сууц ашиглалтанд орж байна. Цаашдаа хорооллоор нь шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ингэж бага дунд орлоготой иргэдийг урт хугацааны лизингээр орон сууцтай болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Энэ 4000 айлын орон сууц хөтөлбөр чинь 100,000-ын эхлэл шүү дээ.
 
     -Жирийн иргэд, төрийн бус байгууллагынхан орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж байгаа юу. Дунд нь орхигдоод байх шиг санагддаг?
    
      Ж.Алдаржавхлан: Засгийн газрын дараагийн ажил жирийн иргэдийг орон сууцтай болгох асуудлыг шийдвэрлэх. “100,000 айл” хөтөлбөр, “Утаа” хөтөлбөр байна. Эдгээр хөтөлбөрүүдээр дамжуулаад баригдаж дуусаагүй барилгуудыг дуусгаж жирийн иргэдийг орон байраар хангана гэсэн асуудал яригдаж байгаа юм. Хамгийн гол нь эх үүсвэрийн асуудал тодорхой болох ёстой. Гэхдээ ойрын үед шийдэгдэх байх гэж бодож байна.

    -Ер нь гадуур орон сууцны санхүүжилтийн корпорацийн талаар элдэв яриа гарах боллоо?

    Ж.Алдаржавхлан: Орон сууц санхүүжилтийн корпорацийн зүгээс элдвээр хэлүүлээд байхаар зүйл алга. Бид байраа сонгоод ирсэн төрийн албан хаагчдад маш хурдан хугацаанд зээлийг нь шийдэж өгч байна. Зээлийг нь шийдэнгүүтээ Сангийн яаманд хүргүүлж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдөө л байраа сонгоод ирвэл 3 хоногийн дотор бид асуудлыг нь шийдэж өгч чадна. Гэхдээ давхар давхар төрийн байгууллагуудтай гэрээ хийж байгаа. Иргэд өөрийнхөө төлөө явах ёстой, Засгийн газраас зээлийг нь бэлдэж өгч байна.

     -Манай “Интернет зочин” буланд ярилцлага өгсөн танд баярлалаа.
     
      Ж.Алдаржавхлан:Баярлалаа.

Ж.Батхишиг