Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэрт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.
Шинэчлэлийн Засгийн газар ил тод нээлттэй ажиллаж байгаа. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж уулзалтын эхэнд хэллээ.
Засгийн газраас Сумын хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг иргэдэд олгож буй. Ажилтай, орлоготой болгох хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй хүмүүст мэргэжил олгох, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Оюутнуудын цагийн ажил” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ ажилтай, бүтээлч болгох, импортоор авах бүтээгдэхүүний тоог цөөрүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна.
Аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдэд Улаанбаатарчуудтай ижил боломж олгож, 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна. Энэ хүүг орон нутагт 7 болгож бууруулах судалгааг хийж байна. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байна. Аймгийн төвүүдэд Оношилгооны төв байгууллаа. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг ид хийж байна. Энэчлэн Шинэчлэлийн Засгийн газар аймаг бүрийг хот болгох, Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй болох, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барихад Засгийн газраас дэмжлэг өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад тавьсан байна.