You are currently viewing Д.Цогтбаатар: Орон сууцны найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон буурууллаа

Д.Цогтбаатар: Орон сууцны найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон буурууллаа

Эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаан боллоо.

Хуралдаанаар барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар хөндөн ярилцав.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мөн үеэр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт өчигдөр хүрснийг дуулгав. Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ.

Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа боловч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаж байсан. Учир нь 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээл нь ханачихсан хэрэг. Ингэж Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн бодлого юм.

УИХ-ын намрын чуулганаар гурав дахь хөрөнгөнөөс татвар авах тухай яригдсан. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохиромжтой арга хэмжээ мөн үү? гэж Монголын барилгын үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас асуулаа. Тэрбээр:

-Гурав дахь хөрөнгөнөөс татвар авах тухай бодлогыг миний хувьд энэ жилдээ хэрэгжүүлэх нь зохисгүй гэж үзэж байгаа. Энэ тал дээр би салбараа хамгаална. Ер нь үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг нь олон улсын жишиг.

Валютын ханшийн өсөлт бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөж байгаа энэ үед төр татвар хөнгөлөх замаар дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг салбарын сайдаас асууж байв.
Б.Цогтбаатар сайд, Энэ чиглэлээр бид МҮХАҮТ-тай хамтарч ажиллана. Би сайдын хувьд салбараа дэмжинэ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа энэ үед Сангийн яам мэдээж татвараа авахыг бодно гэлээ.

Мөн үеэр шинээр байгуулагдаж буй бизнесийн төрөөс дэмжих ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулахад, Дөнгөж үүсэн байгуулагдаж буй салбарыг дэмжихэд эхний жилд нь дэмжиж болно. Харин дараагийн жилээс тухайн компани Хятадаас оруулж ирэх ижил нэрийн бүтээгдэхүүнтэй үнэ болоод чанарын хувьд өрсөлдөх чадвартай болох ёстой хэмээн сайд сануулав.

Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг ойрын үед хөгжүүлэх ямар боломж байгаа талаарх асуултад, Санхүүгийн зохицуулах хорооны албаны дарга Жамбаажамц “Манайд хамгийн гол нь хөрөнгө оруулалт чухал. Гаднаас урт хугацаатай хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгийн баталгаа, тогтвортой байдал шаарддаг. Энэ боломжийг нэгдүгээрт бүрдүүлэх учиртай гэв.

“Итгэлцэл” хэмээн ерөнхий сэдвийн хүрээнд явагдаж буй Эдийн засгийн форумын салбар хуралдаанд зочноор оролцсон Барилга, хот байгуулалтын сайд Б.Цогтбаатар хурлын төгсгөлд “Улс орондоо итгэж, хөрөнгө оруулалтаа хийгээрэй” хэмээн уриалав.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тойрч өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бий. Гэхдээ 90 минут үргэлжилсэн энэ хурлаар энэ чиглэлийн бүх асуудлыг ярьж амжсангүй. Харин салбарынхан цаашид хамтран ажиллах сэдэл төрүүлэх уулзалт болсныг хурал хөтөлсөн Азийн орон сууцны эрхийн эвслийн бүсийн эксперт Ц.Энхбаяр онцлов.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply