Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас санхүүжүүлэн, “Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, төрийн албан хаагчдын орон сууцны загвар төслийг аймаг, орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх /Бүсчилсэн хөгжлийн дагуух бүлэг сууринд/ 8 айлын орон сууцны загвар төсөл”-ийг 2024 онд 12 аймгийн 12 суманд хэрэгжүүлэхээр, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулан, ажлаа эхэлсэн билээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны жишиг орон сууц ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэж өглөө.
Тус суманд хэрэгжүүлсэн 8 айлын орон сууцны барилга нь төмөр бетон шугаман суурьтай, даацын блокон бүтэцтэй, халаалт, цэвэр бохир ус, цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. Нэг айл нь 42.4м2 талбайтай, 2 өрөө (зочны өрөө гал тогооны хэсэг цуг, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө)-тэй, айл бүр 166м2 эзэмшлийн талбайтай, явган зам, автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий амины орон сууц юм.