Монгол Улсын барилгын салбарын хөгжил өдрөөс өдөрт шинэчлэгдэж, техник технологи эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байгаа өнөө үед агааржуулалт, агаар сэлгэлтийн стандарт, норм нормативыг энэхүү хурдтай хөл нийцүүлэн сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Хамгийн сүүлд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрмийг шинэчлэн батлах тухай тушаал гарч 2011 оноос мөрдөж байгаа. Гэвч өнөөдөр энэ бүхэн хуучирсан тул Монголын барилгын салбарт хэрэглэгдэж буй дэвшилтэт технологид нийцүүлэн барилга, байгууламжийн агаар сэлгэлтийн норм, норматив, стандартыг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, Монгол Улсын цаг уурын нөхцөл тааруулан нутагшуулах, барилгын салбарын өнөөдрийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэн бодит байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд агаар сэлгэлтийн систем, түүнийг тойрсон асуудлыг хөндсөн “Орон сууцны барилгын агаар сэлтгэлтийн системд тохиолдож буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж, өндөрлөлөө.
Монголын Барилгын инженерүүдийн холбоо, Барилгын хөгжлийн төв, “Барилга Хөгжил” сэтгүүлээс хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт БХБЯ, МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Барилгын зураг төсөлчдийн холбоо, ШУТИС-ийн БАС-ийн агаар сэлгэлт, дулаан хангамжийн чиглэлийн багш, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци тэргүүтэй барилга угсралт, агаар сэлгэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын агаар сэлгэлт, дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 100-аад мэргэжилтэн оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсад мөрдөж буй агаар сэлгэлтийн норм, стандартын тухай танилцуулга, шинэчлэх шаардлагатай нормууд, тэдгээрийн заалтууд” сэдвээр зөвлөх инженер, “Эрчим төсөл” ХХК-ийн ХАС-ийн инженер А.Цогт, “Орон сууцны барилгын агаар сэлгэлтийн ердийн системд тохиолдож буй бэрхшээлүүд” сэдвээр “Улаанбаатар барилга” ХХК-ийн сантехникийн инженер Д.Цэнгэл, “Агаар сэлгэлтийн системийн хэвийн ажиллагааг үнэлэх нь” сэдвээр ШУТИС-ийн БАС-ийн багш Б.Мөнхбаяр, “Зураг төслийн шатанд тохиолдож буй асуудал, хүндрэлүүд” сэдвээр “Халаалт салхивч” ХХК-ийн захирал Л.Батсайхан тус тус илтгэл тавив.
“Орон сууцны барилгын агаар сэлтгэлтийн системд тохиолдож буй асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр инженер, мэргэжилтнүүдээс дэвшүүлсэн оновчтой саналуудаар зөвлөмж гаргахаар тогтсон бөгөөд Монгол Улсын хууль дүрэм, норм, стандартыг шинэчлэхэд тусгуулахад анхаарч ажиллах зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байлаа.