Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор зохион байгуулж ирсэн билээ.
Тус аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг олон нийтэд уриалж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Тэгвэл 2024 онд дэлхий нийтээрээ “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор өрнүүлэн ажиллаж байна.
Үндэсний хэмжээнд өрнүүлж буй тус аянд “ТОСК” ТӨХХК-ийн хамт олон нэгдэж байгаа бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран холбогдох ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Мөн манай хамт олноос дээрх аянд иргэн бүрийг нэгдэхийг уриалж байна. Хэн нэгэн хүн эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрийн хэлбэрээр дарамтлахыг хүчирхийлэл гэнэ. Монгол эмэгтэйчүүдийн 40.3 хувь нь амьдралдаа ямар нэг байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртөж байсан аж.
Харин нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн бол 15-49 насны монгол охид, эмэгтэйчүүдийн 98 хувь нь интернэт ашиглаж буй нь тэднийг цахим орчинд дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Дэлхий дахинд охид, эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим орчны хүчирхийлэлд өртөж, 85 хувь нь үүнийг гэрчилжээ. Иймд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүр нэгдэж, шалтаг бүү тооч.